Wednesday, April 6, 2011

ҮЗЭЛ БОДОЛ

Та хүүхдээ гадаад хэл “хөөлгөх” гэж байна уу?!
Монголд 1990 онд ардчилалын салхи үлээж хүний эрх, эрх чөлөө жинхэнэ утгаараа сэргэж байсан тэр жилүүдэд гадаад ертөнц үүдээ нээж гуравдагч орны хэл сурах хүсэлтэй хүүхэд залуучууд ихсэж түүний хирээр хувийн хувьсгалын их дээд сургуулиуд гадаад хэлний ангиудыг олноор нь нээж хүн бүр л гадаад хэл сурах гэж хошуурч байлаа.
Одоо ч гадаад хэлний хэрэгцээ улам их болж та ямар нэг гадаад хэлгүй бол ажилд орж аиьдралаа өөд татах аргагүй болжээ. Цаг үе ч ингэж таарч байна. Ийм л цагт гадаад хэлний сургалттай дунд сургуулиуд олноор байгуулагдан эрэлт хэрэгцээ ч их болж бэл бэнчинтэй, боломжтой эцэг эхчүүд үр хүүхдээ төлбөртэй сургуульд өгч цаашилбал гадаадад явуулж сургаж байна. Энэ бол ардчилсан нийгмийн бидэнд олгож буй сонголт,  эрх чөлөө юм.
Гадаад хэл сурахын ач холбогдолыг энд нурших нь илүүц бизээ. Гэхдээ гадаад хэл “моодноос” гарч байна. Одоо дан ганц гадаад хэлтэй, магадгүй ус цас шиг ярьдаг ч бай хол явахаа нэгэнт больж байна. Тодорхой эзэмшсэн мэргэжилтэй, 2-с доошгүй гадаад хэлээр мэдээлэл төвөггүй олж авдаг төдийгүй тухайн гадаад хэлээрээ ямар ч мэргэжилээр цаашид суралцаж чадах түвшинд эзэмшсэн тийм л хүн энэ нийгэмтэй хөл нийлүүлж явж чадна. Хүн бүр гадаад хэлийг өөрийн хэрэгцээнд тохируулан харилцан адилгүй түвшинд эзэмшсэн байх ба та хүүхдээ “Унаган” гадаад хэлтэй байлгах шаардлаггүй юм. Гадаад хэлийг хүн насаараа суралцдаг. Тэр л боломжыг та үр хүүхдэдээ олгож өгөхөөс бус “унаган” хэлтэй болгох гэж хэт яарах, гадаад хэлтэй л бол бусад нь яах вэ гэсэн хэт туйлширсан сэтгэлгээгээр хандаж байгаа нь туйлын харамсалтай. Би хүүхдээ гадаад хэлээр нь явуулах санаатай, гадаад хэл хөөлгөдөг юм билүү гэж ярих олон эцэг эхчүүдтэй таарч явлаа. Аав ээжийнхээ дэргэд байж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч байх тэр л насан дээр нь харь улсад сураг чимээгээр, зар сурталчилгаагаар эсвэл хэн нэгнээр зуучлуулаад балчирхан хүүхдээ явуулчихдаг хэнэггүй улсууд монголоос өөр хаана ч байхгүй болов уу. Гадаадад хэл сурах нь давуу талтай хэдий ч бага насны хүүхдийг явуулж “унаган” хэлтэй болгоно гэдэг дэндүү гэнэн бөгөөд ганц хоёр жил болсоноор сайн сурчихна гэдэг юу л бол.
Сүүлийн жилүүдэд манайхан БНХАУ-д хүүхдээ явуулж сургах нь ихсэж байна. Мэдээж бидэнд өмнөд хөршийнхөө хэлийг судалж суралцах нь зүйтэй. Хэрэгцээ ч байна. Үнэ ханшын хувьд ч манайханд боломжын байгаа байх. Хүүхдээ урд хөршид сургаж байгаа дийлэнх эцэг эхчүүд зөвхөн хятад хэл л сайн сургах гэж явуулж байгаа гэнэ. 9-р ангиас нь 1 жил урд сургачихая. Уг нь манай хүүхэд хятад хэлний сургалттай сургуульд явдаг юм. Улам сайжрана. Эсвэл жирийн сургуульд сурч байсан хүүхдийг гэнэт нэг өдөр эцэг эх нь ерөөсөө хүүхдээ хятад хэлтэй болгоё ургаш нь явуулж сургадаг хэрэг, хятад мундаг хөгжиж байна шүү гээд явуулчихдаг болж. Нэг жил хоёр жил гурван ч жил сургалаа хүүхэд ч гавьсан зүйлгүй хамгийн харамсалтай нь ерөнхий эрдмийн хичээл таг. Цаашид яах вэ? ямар мэргэжилтэй болгох вэ? за яахав дүн мэтийг нь хувийн хэрэг дээр нь худал үнэн бичүүлж аваад бүрэн дунд боловсролыг нь эзэмшүүлсэн болно. Тэгээд яах вэ? Гадаад хэлний сургуульд суралцуулж болох л байх. Гэхдээ л...?!
БНХАУ-д суух элчингийн ажилтан бага насны хүүхдүүдийг болж өгвөл нааш нь битгий явуулж байгаарай гэж аминчлан захиж байсаныг энд хэлэх нь зүйтэй.
Гадаад хэлний хэрэгцээ улам ихсэж байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдээ өндөр төлбөр өгч хувийн сургуулиудад сургаж байна. Мэдээж тэдний эрэлт хэрэгцээг улсын сургуулиуд тэр бүр хангаж чадахгүй. Хувийн хэвшлийн сургуулиуд үүсэж хөгжөөд 2 арван жилийг ардаа орхижээ. Дээрх хугацаанд олж авсан туршлага, сургалтын бааз, боловсон хүчин, чанарын тал дээр чамлахааргүй түвшинд хүрч Монгол улсын оюуны түүчээ болж яваа гэдэгийг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Хүүхдүүд маань төрөлх хэлээрээ байгалийн болоод нийгмийн мэдлэгээ олж авах учиртай. Хүүхдээ хэл “хөөлгөх” гэж байгаа эцэг эхчүүд үүнийг хэрхэв ч орхигдуулж боломгүй. Харь улсад явж суралцах хэзээ ч оройтохгүй. Бидний харь улс гэвэл тахин шүтдэг, гадаадад сургаж байвал сэтгэл ханаж байдаг энэ үзлээсээ татгалзах цаг болжээ. Бид хүүхдээ “унаган” харь хэлтэй болгох гэж байгаад унаган хэлгүй болгож байгаа нь гашуун үнэн. Бидний хойч ирээдүй болсон балчирхан үр хүүхдүүд маань төрөлх хэлэндээ унаган байгаад зогсохгүй монгол хэлээрээ мэдлэг оюунаа цэнэглэн байж гадаад хэлийг эзэмших учиртай. 
 Хэл шинжлэлийн ухааны магистр Ш.Батжаргал